2023 Оны 9-р сарын 24

Dxlgxr
2 min readOct 10, 2023

Номын тэмдэглэл болон бас бус зүйлс…

Яг л сарын дараа аавын төрсөн өдөр тохиох нь… Ойрд их “бодож” байна. Өөртөө их дүгнэлт, шүүлт хийж байна. Угаасаа ч цаг нь ирсэн, болсон байсан юм. Өглөөдөө иога хийгээд байснаа ч больчихож, аятайхан хоол ундын талаар бүр дурсаад ч хэрэггүй биз. Өөрийгөө хэзээнээс бүрэн анхаарах гээд байгаа хүн юм болдоо.

Өнөөдөр 9-р сарын 23-ны өдөр. Улаанбаатар хотын А бүсэд машингүй өдөр тохиож, өглөөний ажлын арга хэмжээнээс болоод жил гаран унаагүй дугуйгаа хар усан борооноор унаад гарсан юм л даа. Ажил эрт дуусаж их хотын өргөн, машингүй замаар шиврэх хүйтэн болоог үл хайхран Улсын Их дэлгүүрийн зүг жирийлгэж гарлаа. Kaktus ороод vin chaud ууж, Стефан Цвейгийн “Шатрын Тууж” бэсрэг романыг талд нь ордгийн даваан дээр найз маань гэртээ хийсэн тахиан махтай сэндвичтэй ирэн дайлж хань болов. Тэндээс гараад дугуйтай жирийлгэсээр үдийн 4 цагийн алдад гэртээ ирсэн. Бямба гараг нэг иймэрхүү өнгөрлөө…

IG Storygoo chireed irlee :)

Херман Хэссе — “Сидхарта” -гаа уншиж дуусгав.

Сая сууж сүүлийн хэдэн хуудыг дуусгалаа. Бодсоноос минь тэс өөр зохиол байсан ба Чик, Хайрын дөчин дүрэм, Сайн уу гуниг минь эсвэл Алхимич шиг гүнзгий сэтгэгдэл үлдээсэнгүйн дээр огт бодож байгаагүй өнцгийг өнөөдрийн миний оюун ухаанд тусгасангүй ээ. Нэг давтан сануулсан санаа гэхүү ойлголт гэх үү тийм зүйл байсан нь “Энэ хорвоогийн бүх л амьд биет бол чиний нэгэн адил сүнстэй бөгөөд тэр сүнс нь чиний дотор байгаа сүнс юм. Бид бүгд нэгэн аугаа оршихуйн олон сав суулга болохоор юм болгоныг өөрийн бие мэт хайрлан хүндэтгэх урлагт суралцаж гэмээ нь магадгүй чи гэгээрэлд, дотоод сэтгэлийн амар амгаланд хүрэх болно” гэх ойлголт. Сидхарта анх брахмины замаас хөндийрч энгийн хүмүүний амьдралд автан олоон жил болж байж анх Говиндагаас, Гаутамагаас салан одохдоо гол гаталгасан завьчин дээрээ ирж тэндээс гэгээрлийг олдог нь надад нэгэн тайвширлыг авчрав. Алдахаас айхгүй байх, явах ёстой зам мөрөө хөөн, үзмээр замаа дуустал нь үзэх, тэгээд ухааралд хүрэх, үүний дараа жинхэнэ дотоод дуу хоолойгоо сонсох. Ерөөс алдаа мадаггүй гэгээнтэн хүртэл байдаггүй аж. Хичнээн нүгэлт үйл хийсэн хэдий ч тэр үйл чамайг тодорхойлох хүч чадал байдаггүй аж. Нэг өдөр би сайн, нэг өдөр би муу. Энэ нь би угтаа муу хүн эсвэл сайн хүн биш зүгээр л бурханд чөтгөр оршдог шүү гэдгийг санаж явмаар.

За даа Сидхарта номын сэтгэгдэл нэг иймэрхүү.

Улаанбаатар хот.

--

--