AIRPORT тэмдэглэл

Dxlgxr
2 min readAug 2, 2023

Өнөөдөр би гадагшаа нисэж байгаа юм. Яагаад ч юм анх удаагаа очиж үзэх гэж байгаа улс хэрнэ догдлох сэтгэгдэл төрөхгүй байгаа нь нэг л харамсалтай юм шиг.

Хүн ер нь нас яваад ирэхээр амьдралын зорилго, үнэт зүйл өөрчлөгддөг бололтой. Хүний амьдрал угаасаа л нэг хэвэндээ хэзээ ч байдаггүй хойно доо. Ойрын үед амьдралаасаа хүсэх зүйл ганцхан гэр бүлийн аз жаргалтай, амар амгалан байдал байх болов. Тэр дундаа ээжийг аз жаргалтай байгаасай, хайраар бялхсан сайхан амьдралаар амьдраасай гэж хамгийн ихээр хүсэж байгаа ч би өөрийнхөө зүгээс юу хийхээ үнэхээр сайн ойлгохгүй юм. Амар амгалан, би яавал ээжийг амар амгалан амьдруулах вэ?

Хамтдаа туулсан зовлон дайснуудыг ч дотно болгодог гэдэг дээ… Ээж бид 2 түрүү жилээс эхлээд бие биенээ илүү ойлгохыг оролдож, хэцүү хүнд үеүүддээ өөрсдийн оронд эхлээд хажуудахдаа ямар байгаад илүүтэйгээр анхаарал тавьж, нүүрэндээрээ учиргүй Америк киноны ээж охин 2 болчихгүй ч гэлээ адармаатай зан авируудаа урьтал болголгүй бие биедээ тайвшрал болж сурсан билээ. Тэгээд яагаад ч юм би гэнэт л урьд урьдынхаасаа илүү сэтгэл амар болчихсон. Энэ ганц хоромын зовлонтой санагдах мөчийн ард нь гарчих л юм бол би зүгээр болно, за ард нь гарч чадахгүй жаахан удлаа гэхэд хэн нэгний амь нас үрэгдээгүй хойно даваад л гарна даа… амьдрал цаашилдгаараа цаашилна даа… гэж бодогддог боллоо. Ингэж бодох хүчийг ээж өгөөд байгаа юм шүү дээ гэдгийг ч мөн ухаарав. Аливаа маргаан асуудалд даваад гарна, болгоно бүтээнэ, өөр аргагүйгээс хойш хийгээд дуусгана гэх шантаршгүй дайчин зантай ээжээсээ ийм их сурах зүйл байсныг одоо л анзаарч байгаа би өмнө нь түүний талаар мунхаг боддог байсандаа гүнээ харамсана. Би ээжийг мэддэггүй байжээ. Мэдэхгүй хэрнэ дүгнэдэг байж. Ээж хүчтэй болхоор би сэтгэлийн түгшүүргүй ажиллаж, амьдардаг, урдаа таарсан саад бэрхшээлд өвдөг сөхрөлгүй махран зүтгэх хүчтэй байдаг байх нь. Алдаа дутагдлаар дүүрэн ч хүүхдүүдээ сэтгэл амар өсгөж хүмүүжүүлсэн ээжийгээ одоо бодоод бишрээд барахгүй юм.

Танийг яаж амар амгалан амьдруулах вэ гэж үү? Би тань шиг хүчтэй байх болно оо. Хийж байгаа ажилдаа эзэн нь байж, найзууд, хамт олныхоо итгэлтэй хүн нь байх болно тэгээд хэзээ нэгэн цагт бас тань шиг хүүхдүүддээ амар амгалан амьдралыг бэлэглэдэг хүчирхэг ээж болох болно.

--

--