Яагаад одоо гэж?

Dxlgxr
1 min readOct 17, 2022

Чиний бичсэнийг өнөөдөртэй нийлээд яг долоо хоног бодож байна.

Мэдрэмжээ хэдий удаан тээж явсныг чинь мэдэхгүй ч тэр чигээрээ хэлэхгүй гэж бодож байснаараа надад хэлээгүй бол дээр байхсан. Хамтдаа шөнөжин бүжиглэсэн тэр өдрийн араас намайг 3 өдөр зовоосон сэтгэлийн шаналалыг минь сэдрээчихсэн хэрнээ одоо огтоос юу ч болоогүй юм шиг хүйтэн хөндий өмнөхөөсөө ч долоон дор болсныг харахад надад харамсалтай байна.

Юу ч болоогүй чигээрээ, чи зүгээр л нэг зүс мэдэх, амьдралд ганцхан л удаа тааралддаг, дулаахан мэдрэмж төрүүлээд л дахиж хэзээ ч таарахгүй тийм л хүн чигээрээ дурсамжинд үлдсэн бол дээр байхсан. Гэвч чи илүү гүнзгий мэдрэмж төрүүлээд буцах нь. Цаг хугацааны эрхээр чамайг мартана… Энэ бол маргашгүй үнэн. Гэхдээ л цээжинд хөндүүрлэж байгаа энэ мэдрэмжийг дахиад жоохон удаан мэдэрхийг хүсэж байна. Өвдөхгүй байна уу гэж үү? Мэдээж өвдөж байна. Гэхдээ л мэдэрмээр байна, ганцаараа, ганцаараа мэдэрч явсаар чамайг миний амьдралаас явахыг харах болно. Нар жаргахыг хавцлын эрмэг дээр суугаад харах шиг хөнгөн гунигт автан чамайг үдэж явуулна. Гэвч ганцхан ялгаа нь нар маргааш манддагаараа мандана, харин чи миний амьдралд магадгүй дахиад хэзээ ч ирэхгүй биз ээ.

2022/10/17

--

--